1 сая ширхэг Mercedes автомашиныг эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /TASS/. Германы "Daimler AG" концерн хөдөлгүүрт нь гал авалцсан тухай мэдээлэл ирсний дараа 1 сая гаруй ширхэг Mercedes Benz-ийн шинэ загварын автомашинуудаа дэлхийн өнцөг булан бүрээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Reuters агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, нийтдээ 51 удаагийн гал гарсан тохиолдол бүртгэгдсэнээс 30 нь АНУ-д бүртгэгдсэн байна. Зах зээлээс автомашинаа эргүүлэн татах тухай тус компанийн шийдвэр нь 2015 оноос 2017 оны хооронд үйлдвэрлэсэн C болон E, түүнчлэн CLA, GLA, GLC маркийн машинуудад хамаарах юм. Mercedes Benz-ийн гол зах зээлүүдийн нэг болох АНУ-аас л гэхэд нийтдээ 300 мянга гаруй машиныг эргүүлэн татах аж.
Daimler-ын шийдвэр өөр бусад ямар орнуудад хамааралтай болох талаар тодорхой дурдаагүй байна. Автомашинаа эргүүлэн татах тухайгаа тус компани 3 дугаар сарын сүүлчээр хэрэглэгчиддээ мэдэгдэж эхлэх аж. Дилерүүд хөдөлгүүрийг дахин шалгаж, гал хамгаалагч тавихаар болжээ.
О.Барс