Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-20 10:24:13

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 20 /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ирэх 10 дугаар сарын сүүлчээр эхлэх Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгост уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр мөн Хятадын тал “TikTok”-ийн хэлэлцээрийг зөвшөөрсөнд баяртай байгаагаа илэрхийлсэн боловч энэ талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.


Д.Трамп баасан гарагт Ши Жиньпинтэй утсаар ярьсан тухайгаа нийгмийн сүлжээний хаягтаа нийтлээд, талууд худалдаа, фентанил, Украины дайн зэрэг “маш чухал асуудлуудаар” ахиц дэвшил гаргасан хэмээн бичжээ. Мөн хоёр удирдагч харилцан айлчлал хийхээр тохиролцсон гэдгийг тэрбээр онцлоод, баасан гаргийн яриаг маш үр дүнтэй болсон гэж тодорхойлсон байна.


Талуудын хэлэлцэх асуудлын нэг нь богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok” платформын тухай байлаа. Хоёр улсын өндөр албан тушаалтнууд Испанийн нийслэл Мадрид хотод даваа гарагт уг платформын талаар яриа хэлэлцээ хийж, АНУ-д үргэлжлүүлэн ашиглахыг зөвшөөрөхөөр тохиролцсоноо мэдэгдсэн юм. Улмаар мягмар гарагт Д.Трамп “TikTok”-ийн Хятад дахь үйл ажиллагаа шилжүүлэх хугацааг 12 дугаар сарын 16 хүртэл сунгах зарлигт гарын үсэг зурсан билээ.


Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин Засгийн газар бизнес эрхлэгчдийн хүсэл зорилгыг хүндэтгэдэг хэмээн хэлээд, Хятадын хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн, ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн БНХАУ-ын дарга “АНУ-д хөрөнгө оруулж буй Хятадын компаниудад нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчин бүрдүүлэхийг” Америкийн талаас хүсжээ.

Related news