Доу Жонс түүхэнд анх удаа 21000 пунктээс давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-03 12:44:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ дахь бизнесийн идэвхжилтийг илтгэн харуулдаг Dow Jones индекс түүхэнд анх удаагаа 21000 пунктээс давжээ. Москвагийн цагаар 18:20 цагийн үед уг индекс 255,93 пунктээр өсч 21068,21-д хүрсэн байлаа.

Dow Jones 1 дүгээр сарын 26-нд 20 000 пунктээс давж байжээ.

“Хувьцааны ханш 11 дүгээр сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өсч байгаа. “Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Трамп мягмар гарагийн орой Конгрессийн хоёр танхимын хуралдаанд оролцон өөдрөг агуулгатай үг хэлсний дараа уг индекс 21000 пунктын түвшинг давсан. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйл бол Холбооны нөөцийн банк /FRS/ 3 дугаар сард зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт юм” гэж The Wall Street Journal сонинд дүгнэн бичжээ.

Үүний өмнөхөн Д.Трамп Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Конгресст үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ "шинэ засаг захиргаа хилийн чанадын асуудалд оролцдог байдлаас татгалзаж, АНУ-ын дотоодын асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах болно" гэж онцолжээ.

“Би ерөнхийлөгч Трампаас шинэ содон зүйл олныг сонсоогүй. Зах зээл юуны түрүүнд Холбооны нөөцийн банкийг баримжаалдаг. Эдийн засгийн байдал сайн байгаа, тиймээс энэ онд зээлжих зэрэглэлээ өсгөхөөр тус банк бэлтгэж байгаа” гэж UBS Wealth Management-ийн хөрөнгө оруулалтын газрын дарга Марк Хефеле дүгнэн хэллээ.

О.Барс

 

 

 

Related news