Үзэсгэлэн худалдаа дөрөв хоног үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-17 14:48:23

Монголын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан Баянхонгор аймагт үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн бараа бүтээгдэхүүнийн үзэсгэлэн худалдаа өчигдөр нээгдлээ.

Тус үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд болж байна. Арга хэмжээг Баянхонгор аймгийн ЗДТГ, ХХААГ, МХАҮТ-ын Баянхонгор дахь салбар хамтран зохион байгуулж буй. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа бататгах боломжийг олгож, маркетинг борлуулалтын ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тус арга хэмжээ уламжлал болон зохиогддог байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн эрэлттэй бараа өчигдрийн байдлаар тавгийн ааруул, хурууд, өрмөн тос, хэвийн боов байсан байна. Тус үзэсгэлэнд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байгаа бөгөөд тавгийн ааруул 1кг нь 12000-15000 төгрөг, хэвийн боов 1150-2500 төгрөг, хонины ууц 1кг нь 4000 төгрөгийн үнэ ханштай байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

 

Related news