Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 31 төсөл шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-13 16:37:16

Баянхонгор сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан улирагч сарын 12-27-ны өдөр хүртэл төсөл хүлээн авсан. Энэ хугацаанд тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардагдах 120 төслийг иргэд ирүүлсэн байна.

Журмын дагуу Баянхонгор сумын Төсөл сонгон шалгаруулах зөвлөл дээрх төслүүдтэй танилцаж, хэлэлцжээ. Ингээд хүнсний үйлдвэрлэл, модон эдлэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 31 төслийг шалгаруулсанаа өнөөдөр зарлалаа. Эдгээр төсөлд Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 220 сая төгрөгийг олгох юм.

Дашрамд дурдахад, энэ онд тус сангаас нийт 410 сая төгрөгийг Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлээр олгохоор зарласан. Тиймээс 2017 оны эхэнд олгож буй зээлийн хүү, эргэн төлөлтийн орлого бүрдүүлж, дараачийн төсөл шалгаруулалтыг 6 дугаар сард зарлахаар төлөвлөсөн байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Related news