Харваачдад улсын цол зэрэг олгох хуулийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд улсын баяр наадамд магнайлсан сур харваачдад цол зэрэг олгох асуудлыг тусгасан юм. Тодруулбал, улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд асуулт асуух гишүүн байсангүй. Мөн зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас Н.Энхболд гишүүн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Саналыг дийлэнх олонх дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд оруулахаар болов.
Б.Туул