Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-04 15:18:38

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулж нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргалаа.

Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулжээ. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулсан аж.

Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.

Б.Туул

 

Related news