МУИС-ийн суурь хураамжийн асуудлаар Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-02 10:15:02

БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Хуулийн хэлтсийн дарга П.Чулуунбаатар нар өчигдөр МУИС-ийн оюутны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

МУИС оюутнуудаас улиралд 112 мянга, жилд 224 мянга, магистрт суралцаж буй хүмүүсээс жилдээ 336 мянган төгрөгийг хураамж болгон авдаг байна. Үүнийг цэвэрлэгээ, үйлчилгээ, интернетийн холболт зэрэгт ашиглаж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж оюутнууд өнгөрсөн сарын 30-нд жагссан юм. 

МУИС-ийн “Оюутны холбоо”-ны тэргүүн Ц.Хасбаатар уулзалтын үеэр хэлэхдээ, “Оюутнуудаас суурь хураамж авч буй нь хуульд нийцэхгүй байгааг аудитын шалгалтаар илрүүлсэн. МУИС-ийн оюутнууд тав дахь жилдээ сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж төлж байна. Хамгийн гол нь биднээс авч буй мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулж байвал эсэргүүцэх шаардлагагүй. Гэтэл сургуулийн захиргаа оюутнуудаас хурааж авсан мөнгөө юунд зарцуулж байгааг огт тайлагнадаггүй. Бидний хүсэлтийг аргацаасан хариулт өгсөөр удаж байна” гэв.

МУИС-ийн 2012-2015 оны төсөв, санхүүгийн нөхцөл байдал түүний зарцуулалт, гүйцэтгэлд Үндэсний аудитын газар өнгөрсөн онд шалгалт хийжээ. Улмаар аудитын газраас суурь хураамжийг хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэлт гаргаж, зөрчлийг арилгахыг сургуулийн удирдлага, Удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.

БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Бид оюутнуудын санал, хүсэлт, эрх ашигт хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс ч шаардлагыг нь хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. МУИС-ийн суурь хураамж бол төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг. Сургалтын төлбөрийг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. МУИС-ийн Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 31-нд хуралдаж, суурь хураамжийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт оюутан, багш нарын төлөөлөл багтсан. Хамтдаа асуудлыг хэлэлцэж, хамтдаа шийдвэрлэнэ” гэв. 

Ж.Болор

Related news