Аймгийн Засаг Дарга С.Насанбат иргэдтэй уулзалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-30 23:39:25

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас хэвлэлийн хурал хийж Засаг Дарга С.Насанбат аймгийн иргэдийн төлөөлөлтэй хоёрдугаар сарын 3-нд Дархан хотын Залуучууд театрын их танхимд уулзалт хийхээр товлосныг нийтэд зарлав.

Хэвлэлийн бага хурлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа нар мэдээлэл хийлээ. Засаг даргын энэ удаагийн уулзалтад аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд оролцож иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэдний санал хүсэлтийг сонсож газар дээр нь шийдвэрлэх аж. Уулзалтаас өмнө иргэдийн саналыг аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөө болон нээлттэй утсаар урьдчилж авах боломжийг бүрдүүлсэн талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

Энэ удаагийн уулзалтад аймгийн Засаг дарга өнгөрсөн зургаан сарын туршид хийсэн 200 ажлыг иргэдэд тайлагнах юм байна. Мөн уг уулзалтыг орон нутгийн “Ди Би Эс” телевиз Дархан хот дотроо шууд дамжуулж хотын нийт иргэдэд хүргэж мөн үеэр нээлттэй утас ажиллуулж уулзалтад оролцоогүй иргэд сонирхсон асуултаа утсаар асууж хариулт авах боломжийг бүрдүүлэх аж.  

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Related news