Политехник коллежийн оюутан Ц.Долгормаа Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-23 09:31:47

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "Монгол ур чадвар-2017" ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцжээ. Тус сургуулийн багш С.Батаагийн бэлтгэсэн сантехиникийн мэргэжлээр суралцагч Ц.Долгормаа оролцсон төрөлдөө 1-р байранд шалгарч Араб улсад болох Дэлхийн Ур Чадварын уралдаанд оролцох эрх авч, бэлтгэсэн багш нь "ехреrt" багшаар шалгарсан байна.

Харин багш Ч.Очир, н.Эрдэнэбаатар нарын бэлтгэсэн н.Жадам-Эрдэнэ, н.Батбуян нар уралдаандаа амжилттай оролцож 4-р байр, 6-р байранд шалгарчээ. Багш, сурагчид уралдааны сантехник, барилгын өрөг, мужаан гэсэн гурван төрөлд нь оролцож ийнхүү амжилт гаргажээ.

"Монгол ур чадвар" улсын уралдааныг 2013 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 91 коллежээс уралдааны 1-р шатнаас шалгарсан 36 суралцагч сантехник, мужаан, барилгын өрөг, гагнуур, цахилгааны мэргэжлийн таван төрөлд өрсөлдсөн байна. Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дээрх хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй дээрх таван төрлийн мэргэжлээр дэлхийн 76 орны оролцогчидтой өрсөлдөх юм байна.

А.Бямбасүрэн

Related news