Ардчилсан намын даргад нэр дэвшигчид Ховд аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-20 14:01:42

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа ид явж байна.  Улс орон даяар 40 хоногийн турш сонгуулийн сурталчилгааны уулзалтаа хийх зорилготой нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар болон Ардчилсан намын төв аппаратын ажилтангууд, хэвлэл мэдээллийнхэн, нэр дэвшигчдийн ажлын хэсэг гээд нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй баг Ховд аймагт хүрэлцэн ирж ажилласан юм.

Нэр дэвшигчид энэ сарын 19-ний өдөр Хөгжимт Драмын Театрт аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзаж өөрсдийн шинэчлэлийн мөрийн хөтөлбөр, давуу талаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Д.Эрдэнэбат: Энэ нам яахаараа ялагддаг, Яавал ялдгийг би мэднэ, сонгуулийн сунгаа, уулзалтын үр дүнд намын гишүүд өөр өөрийнхөөрөө санал бодлоо илэрхийлээд явж байгаа нь энэ намын давуу тал бөгөөд намын бодит байдал, ойлголтын зөрүү, ирээдүйн чиг хандлагын хүрээн дэх олон янзын саналууд нэг тал руугаа цэгцэрч чадаж байна.

Ж.Батзандан: Шинэ дарсыг хуучин торхонд исгэдэггүй, Шинэчлэлийг хуучин аргаар хийх боломжгүй, Ардчилсан нам шинэчлэгдэж чадна, ардчилсан нам босч чадна, Монголын ардчилал дээшилж дэвжинэ гэдэгт олон зуун мянган хүн итгэлтэй болж байна.

С.Эрдэнэ: Намын бүх шатны байгууллагын зовлонг би мэднэ, Бидний хамтын уулзалтын онцлог юунд байгаа вэ гэхээр тавуулаа таван өөр өнгөөр, таван өөр үзэл бодлоор хөтөлбөрөө тайлбарлаж байгаа боловч тавуулаа л ардчилсан намын шинэчлэлийн төлөө, монгол орны ардчиллын төлөө гэсэн нэг зүгт зангидагдаж байгаа юм.

Л.Гантөмөр: Надад хөгжил рүү тэмүүлсэн алсын хараа бий, Шинжлэх ухаанаар монгол хөгжинө, өөр гарц сонголт байхгүй. Мэдлэгийн эдийн засгийг авчиръя...

Н.Алтанхуяг: “Улс төрийн шинэчлэл зөвхөн манай намын биш монгол улсын асуудал, Монголын ардчиллын итгэл найдвар сэргэж манай гишүүд маш их урам зориг авч байна. Гишүүдийн урам зориг, итгэл найдвар сэргэнэ гэдэг бол миний энэ сунгаанд оролцсоны хамгийн том үр дүн юм” хэмээн бүгд өөрийнхөөрөө уулзалтын үр дүнг онцлон тодотгосон юм.

Түүнчлэн Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг Дарга Д.Галсандондог болон аймгийн удирдах ажилтангууд таван нэр дэвшигчдыг ажлын хэсгийн төлөөлөгчдийн хамт аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.

Дээрх нэр дэвшигчид одоогоор 17 аймаг, 4 дүүргийн намын гишүүдтэйгээ уулзсан байна. Сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн сурталчилгаа 40 хоног үргэлжилж байгаа нь Монголын улс төрд шинэ давалгаа болж байна. Мөн Нэр дэвшигчид хамтдаа яваад үзэл санаа, шинэчлэлийн хөтөлбөрөө тодорхой танилцуулж байгаа явдлыг намын гишүүд, дэмжигчид болон иргэд анхааралтай ажиглаж байгаа юм. Сонгуулийн албан ёсны санал хураалт нэгдүгээр сарын 29-ний өдөр болно.

А.Бямбасүрэн

 

Related news