Шүүхийн шинжилгээний алба нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-18 11:34:04

ХЗДХЯам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний алба 2017 оны нэгдүгээр улирлын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу албаныхаа нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГазарт зохион байгууллаа.

Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг аймгийн удирдах ажилтануудын шуурхай зөвлөгөөнтэй зэрэгцэн өрнөж аймгийн удирдах ажилтангууд, байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт үйл ажиллагааны үндсэн чиглэл, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэлээ танилцуулсан юм. Өдөрлөгийн зорилго нь Шүүхийн шинжилгээний алба өдөр тутмын ажлаа аймгийн удирдах ажилтнуудад бүрэн танилцуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авахад чиглэж байсан. Тус өдөрлөгийн хүрээнд Шүүхийн шинжилгээний албаны мэргэжилтэнгүүд Криминалистикийн шинжилгээний чиглэлээр гэмт хэргийн газар дээрх эд зүйлсийн ул мөр, гарын хээний мөр, галт зэвсэг болон бичиг баримтын шинжилгээ хийхэд ашигладаг цүнх, багаж хэрэгсэлүүдийг дэлгэн харууллаа.

Үүнээс гадна Шүүх эмнэлгийн шинжилгээний чиглэлээр хүний бие \цогцос\-д шинжилгээ хийж Шинжлэх Ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад ашигладаг тоног төхөөрөмж, Хүчингийн хэрэгт ашигладаг эр бэлгийн эс тогтоодог Микроскоф, биологийн шинжилгээний хэрэгсэлүүд болон үйл ажиллагааны хүрээн дэх Хууль Эрх зүйн баримт бичгүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Шинжлэх ухааны тодорхой салбарын шинжилгээ судалгааны арга барилд түшиглэн өндөр технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан бодит барим материалуудад шинжилгээ хийж, Хуулийн шаардлагын дагуу үнэн зөв, хууль зүйн үндэслэл бүхий хариу, дүгнэлт магадлагаа гарган өгөх эрхэм зорилготой ажилладаг Шүүхийн шинжилгээний албаны нээлттэй хаалганы өдөрлөг бүтэн өдөр үргэлжилж иргэд, үйлчлүүлэгч нарт ажлаа танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авсан юм.

А.Бямбасүрэн

Related news