Залуучууд сургууль орчмын замд явган хүний гарц хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 11:47:12

“Хариуцлагатай залуу манлайлагч” клубын гишүүд аймгийн төвийн зам дээр явган хүний гарц тэмдэглэгээ хийсэн байна.

Залуучууд ерөнхий боловсролын сургууль орчмын таван зам дээр гарц тэмдэглээг шинээр хийж, хуучин тэмдэглэгээг сэргээн тодруулснаар хүүхдийн аюулгүй байдлыг хангахад багагүй хувь нэмэр оруулжээ.

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ЮНЕСКО- гийн Бээжин дэхь салбарын санхүүжилтээр 18- 35 насны залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлж, тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжихэд чиглэн хэрэгжүүлж байгаа “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлж, чадавхижуулах нь” хөтөлбөрийн хүрээнд 10 аймагт “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалт зохион байгуулан, залуучуудын клуб үүсгэсэн байна.

Дундговь аймагт байгуулагдсан клуб 30 гаруй гишүүнтэй. Тэд аймаг орон нутагтаа тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудыг тодорхойлсон бөгөөд  явган хүний гарц байхгүйгээс зам хөндлөн гарах үедээ хүүхдүүд тээврийн хэрэгсэлд мөргүүлэх нөхцөл илт бүрдэж,  аюулгүй байдал нь зөрчигдөж байгааг нэгдүгээрт нэрлэжээ. Иймээс сургууль орчмын замуудад явган хүний гарц хийхээр шийдсэн нь энэ ажээ. Залуучуудын санаачилсан ажилд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон аймгийн Засаг дарга туслан дэмжсэн байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news