"Ном дотор зам бий" аян болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Ном" хөтөлбөр нь хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлж, ном унших хүсэл сонирхолтой болгох зорилготой. Өмнөговь аймаг энэхүү хөтөлбөрийг орон нутагт эрчимтэй хэрэгжүүлэх үүднээс “Ном дотор зам бий-2015” аяныг хэрэгжүүлж байна.
Тус аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын унших хурдыг ахиулах, номын тэмдэглэл хөтөлдөг болгох, дунд, ахлах ангийн сурагчдын “Уншсан номоороо бичсэн эссэ”, бага ангийн сурагчдын бичсэн шүлгээр ном бүтээх, “Ном дотор зам бий” уран илтгэлийн уралдааныг зарлан шилдэг илтгэгч сурагчдыг тодрууллаа. Тэрчлэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Бидний хайртай зохиолч” өдөрлөг, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Үлгэрийн баатар амилсан нь” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Номын баярын хүрээнд 4 дүгээр сургуулийн сурагчид “Зохиол амилсан түүх” жүжигчилсэн тоглолтыг хийж, зохиолын утга санааг үе тэнгийнхэн болоод багачууд дүү нартаа тайлбарлалаа. Интернэт орчин хөгжсөн, гар утасны хэрэглээ давамгайлсан өнөө үед ийн хуучны зохиолоо судлан тухайн цаг үеийн аж амьдрал, түүх соёлоо танин мэдэхийг эрмэлзэж байгаа нь номын үнэнч анд нөхөд болсон тэдний бахархал хэмээн ярисан юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа