40 мянган га-д үлийн цагаан оготныг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор, Өлзийт суманд хоёр сарын хугацаанд зохион явуулж, нийт 40.0 мянган га бэлчээрт малч иргэдийн оролцоотойгоор ажилласан байна.
Энэ ажилд мөн сумдын 17 багийн 200 шахам малчин оролцож, улсын төсвийн 64.0 сая төгрөгийг зарцуулжээ. Багаж тоног төхөөрөмж, шатахуун, техникийн түрээс зэрэг тус мөнгийг зарцуулсан бөгөөд малчид өөрсдийн бэлчээрийн талбайд тэмцэх арга хэмжээг явуулж, холбогдох сумдын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг үүрэнд ус цутгах, хөеө ноохой авах, утах, шувууны суудал босгох аргаар голлон гүйцэтгэжээ.
"Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажилд улсын төсвөөс олгосон хөрөнгөөс гадна сум орон нутаг малчид хувиасаа болон орон нутгаасаа тодорхой хэмжээний санхүүжилт гарган тэмцэж байгаа нь малчид бэлчээрээ хамгаалахад биечлэн суралцаж, арга туршлага хуримтлуулж байгаа сайн талтай"-г албаныхан хэлэв.
Б.Мөнхзул