Цэцэг өвчин туссан 210 хонийг устгалд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-09 13:51:37

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин нэг голомтод гарч энэ сарын 8-ны өдрөөс тус сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан бол тус суманд бас дахин нэг голомтод уг өвчин илэрчээ.

Өмнөх нь Хонгор сумын “Хар модотын гуу”-д өвөлжиж буй таван малчин өрхийн малд гарсан бол дараах нь сумын төвд илэрчээ. Үүнтэй холбогдуулж аймгийн Онцгой Комисс өчигдөр орой 21 цагт шуурхай хуралдаж тус сумын Засаг дарга, малын эмч, аймгийн ХХААГ, Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагын мэдээллийг сонслоо.

Одоогийн байдлаар цэцэг өвчний голомтод сэжигтэй нийт 1400 гаруй толгой мал байна. Үүнээс 210 гаруй хонь цэцэг өвчний халдварыг авсан гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-аас өглөө. Цэцэг өвчин нь 40-өөс дээш хэмтэй өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Тиймээс хүнсэнд хэрэглэж болохгүйг аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд иргэдэд онцгой анхаарууллаа. Өнөөдөр аймгийн удирдлагууд, Онцгой комисс болон бусад холбогдох мэргэжилтнүүд өвчний голомтод ажиллаж эхний ээлжинд цэцэг өвчин илэрсэн 210 гаруй хонийг устгах ажлыг газар дээр нь зохион байгуулж, Мал эмнэлэг үржлийн газраас захиалгаар нийлүүлсэн 2000 тун вакциныг бүс нутгийн малд тарих ажлыг хийж эхлээд байна.

Мөн уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд багийн малчин мал бүхий өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэж сэжигтэй бүсэд байгаа малын тоог тодруулж вакцинжуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.

Түүнчлэн хурлаар мал, амьтан тэдгээрийн гаралтай мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мал амьтны гарал үүслийн гэрчилгээний бичилт, олголтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулж сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэнд заавал мал амьтны гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг хэлэлцэж зохих шийдвэрүүд гаргаж аймгийн хэмжээнд зарлан мэдэгдэж сэрэмжлүүлэх ажлыг эрчимтэй авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Б.Норовсамбуу

Related news