БУЛГАН: Олон улсын нүүдлийн театрын наадам сумдад эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудад соёл, урлагийн боловсрол олгох, дэлхийн түвшний уран бүтээлийг таниулах, орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн Булган аймгийн сумдаар зохион байгуулж байна.
“Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам 4 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжилж, Булган аймгийн бүх сумын хүүхэд, багачуудын хүртээл болж, тэдэнд соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор хүрч ажиллана.
Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 22 байгууллагад нийт 14,082 хүүхэд суралцаж, хүмүүжиж байна. Тэдний оюун санаа, сэтгэлгээний ертөнцийг тэлэх зорилгоор дэлхийн театрын уран бүтээлчид тав хоногийн турш орон нутагт ажиллаж байна.













