БУЛГАН: Аймаг үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Булган аймгийн “Тариаланчдын зөвлөгөөн-2026”-г аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хаан банк хамтран дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд аймаг, сумдын удирдах албан тушаалтнууд, тариаланчид, салбарын мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцлоо.
Зөвлөгөөний хүрээнд үр тариа, хүнсний ногооны тариалалтын дэвшилтэт технологи, ургамал хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах арга зүй, шинэ техник, тоног төхөөрөмж, инновацын шийдлүүдийг танилцуулж, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.
Мөн “Атар-4” аяны хэрэгжилт, тариаланчдад үзүүлэх санхүүгийн дэмжлэг, зээлийн боломжуудын талаар мэдээлэл өгч, оролцогчдын санал, зөвлөмжийг тусган ажиллаж буйгаараа онцлог боллоо.
“Атар-4” аяны хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.
Түүнчлэн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулсан зэрэгт тариаланчид талархалтай байна.
Тус аймагт газар тариалангийн 93 аж ахуйн нэгж, 78 иргэн үр тариа, 7200 өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж байна. Мөн арвай, овьёос, бог будаа, хөх тариа, ногоон тэжээл, тосны ургамал бага хэмжээгээр тариалдаг. Нэгжээс дунджаар 15.3 цн үр тариа, 115.7 цн төмс, 121.0 цн хүнсний ногоо хураан авч, аймгийнхаа дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 70 хувь, төмс, гурилаар 100 хувь хангаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр улсад тогтмол эхний 3-т ордог. Нийтдээ 31 мянган га-д тариалалт хийдэг бөгөөд Хутаг-Өндөр сум аймагтаа хамгийн их тариалан эрхэлдэг сум юм.

