ХОВД: Хүүхдийн ном унших идэвх, бүтээлч сэтгэлгээг дэмжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдөр буюу “Дэлхийн номын ба зохиогчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдрийг угтан Ховд аймгийн Нийтийн номын сангаас ном унших идэвхийг сэргээх, дэмжих, номын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор олон ажил зохион байгуулж байна.
Тухайлбал, энэ долоо хоногт “Номтой зочин” үйл ажиллагааг зохион байгуулж, багш, сурагчдын захиалсан номыг сургуульд хүргэн, анги танхимдаа хамтдаа ном унших боломжийг бүрдүүлсэн байна. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор уншсан номын агуулгыг ойлгон, зургаар илэрхийлэх, ярих чадварыг дэмжих “Ном ярьдаг хүүхэд” бүтээлч уншлагыг өрнүүлжээ. Үүнээс гадна “Уран зохиолын ертөнцөөр аялаарай” уриалгыг дэвшүүлж, нэрт яруу найрагч, зохиолчдын бүтээлийг цахим хэлбэрээр олон нийтэд танилцуулж байна.
Ховд аймгийн Нийтийн номын сан 76 мянга гаруй номын фондтой бөгөөд жилд дунджаар 64 мянга гаруй уншигч үйлчлүүлдэг байна. Үйлчлүүлэгчдийн 80 гаруй хувийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна.
Тус байгууллага нүүдлийн болон явуулын номын санг алслагдсан сум, баг, зуслангийн бүсэд ажиллуулж, иргэд, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг соён гэгээрүүлж байна. Зуны улиралд гэр номын сан, гудамжны номын сан ажиллуулж байгаа нь бусад аймгаас анхдагч туршлага болжээ. Мөн энэ онд чингэлэг ашиглан номын сан байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.