ХОВД: Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-04-16 12:24:58

Жаргалант, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Хуулийн дагуу цэргийн татлагад Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй. Иймээс залуусыг иргэний үүргээ биелүүлж, цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа. Мөн ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.

Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн байх ба иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, цээж зураг гэх мэт баримт бичиг бүрдүүлэх юм. 
Ээлжит цэрэг татлагыг зохион байгуулах ажлын баг 17 суманд тусгай хуваарийн дагуу ажиллана.

Ховд аймгийн 92 мянга гаруй хүн амын 50 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Үүний дотор 18-25 насны эрэгтэй ойролцоогоор 5000 гаруй бий. 


Сүүлийн жилүүдэд цэргийн албанд тэнцэж, алба хаах залуусын тоо тодорхой хэмжээгээр буурсан байна. Иймд мэргэжлийн байгууллагууд цэргийн албаар дамжуулан эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.

 

Related news