БАЯН-ӨЛГИЙ: “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам болон төслийн багийн төлөөлөл Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Төслийн багийнхан аймаг, орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудтай албан уулзалтуудыг зохион байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байна.
Уулзалтын үеэр төслийн зорилго, чиглэл болон хэрэгжилтийн үе шатны танилцуулгыг хийж, холбогдох талуудтай санал солилцлоо. Түүнчлэн орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн санал, хүсэлтийг авч, төслийн талбайд ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Е.Зангар уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай дараах асуудлуудын талаар хүсэлт, үндэслэлээ танилцууллаа.
Үүнд Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, хот байгуулалт болон суурьшлын бүсчлэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн дахин боловсруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн инженерийн дэд бүтцийн тулгамдсан асуудлын хүрээнд ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан хангамж, газар тариалан, Өлгий сумын хог хаягдлын менежмент болон харилцаа холбооны салбаруудад үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үе шаттай шинэчлэл, өргөтгөл хийх шаардлагатайг илэрхийллээ.
Уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн НААҮ-ний “СУАТ” компани, Цахилгаан шугам сүлжээний газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Эрчим” дулааны станц зэрэг байгууллага салбарын өнөөгийн нөхцөл байдал, инженерийн дэд бүтцийн шинэчлэлийн хэрэгцээг танилцуулж, ус хангамж, ариутгах татуургын системийн өргөтгөл, дулаан болон эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын саналуудыг дэвшүүлэв.
ASDIP хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хүлэмжийн хийн ялгарал багатай, хүн амьдрахад таатай, тогтвортой суурьшлын орчин бүрдүүлэх, аймаг, сумын төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх зорилготой бөгөөд тус төслийн I үе шат 2024-2029 онд, II үе шат 2027-2032, III үе шат 2028-2033 онд тус тус хэрэгжинэ.

