БАЯН-ӨЛГИЙ: Ш.Ерген багш улсын олимпиадад гурав дахь удаагаа түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ сарын 8-9-нд болсон нийгмийн ухааны улсын 28 дугаар олимпиадад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар сургуулийн багш Шаймарданы Ерген амжилттай оролцож, багш нарын төрөлд гурав дахь удаагаа алтан медаль хүртжээ.
Багш Ш.Ерген нь нийгмийн ухааны улсын олимпиадад 2019, 2023 болон энэ онд түрүүлж алтан медаль хүртсэн бөгөөд 2025 оны олимпиадад хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 54 багш, 66 сурагч оролцож, нийгмийн ухааны мэдлэг, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлджээ.
Тус олимпиадыг энэ жил орон нутагт анх удаа зохион байгуулсан бөгөөд багш нарын төрөлд хамгийн өндөр оноо авч түрүүлсэн Ш.Ерген багш 5 сая төгрөгөөр шагнуулжээ. Мөн оролцогчид туршлага солилцож, харилцан суралцан, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн зэрэг онцгой ач холбогдолтой ажил болжээ.
