БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн хүмүүжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газар хамтран иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн хүмүүжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээллийн нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Өлгий сумын 12 багийн
70 гаруй иргэн идэвхтэй хамрагдаж, өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй мэдлэг,
зөвлөмж, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас шууд авч, харилцан санал
солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.
Сургалтын үеэр оролцогчдод хүүхдийн зөв хүмүүжил, гэр бүлийн
орчин дахь эерэг харилцааг төлөвшүүлэх арга зүй, мөн орчин үед нэмэгдэж буй
залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг ойлгомжтой, бодит
жишээнд тулгуурлан хүргэсэн нь онцлог байв.
Мөн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол,
урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдол, өөрийгөө хамгаалах болон
эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,
оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Сургалтын хүрээнд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Жадыра “Хүүхдийн хүмүүжил, залилангийн гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг онцлон, иргэн бүрийн оролцоо, хариуцлагын ач холбогдлыг тайлбарлав. Мөн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн И.Айнагүл “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол” сэдвээр илтгэл тавьж, шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Энэхүү сургалтыг Өлгий сумын ЗДТГ-ын багийн нийгмийн ажилтнууд санаачлан зохион байгуулж, иргэдэд бодит үр өгөөжтэй ажил болсон бөгөөд цаашид ийм төрлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь чухал ач холбогдолтойг оролцогчид онцлов.

