БАЯН-ӨЛГИЙ: Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг хянах төслийн хоёр дахь үе шат эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-09 17:10:40

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” ТББ-ын дэмжлэгтэйгээр халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад чиглэсэн төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Тус байгууллага нь 2005 оноос хойш Баян-Өлгий аймагт хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжихэд идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна.


Тус байгууллага өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, хүүхэд хөгжил, хамгаалал, ус, ариун цэвэр, эрүүл ахуй болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн нийт 40 гаруй урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй богино хугацааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.


Энэ удаад АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр FHI 360 байгууллагатай хамтран “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх “EpiC II төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлж эхэллээ.

 

Өнөөдөр уг төслийн нээлт Баян-Өлгий аймагт боллоо. Нээлтэд Аймгийн Засаг дарга Е.Зангар болон орон нутгийн холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцож, төслийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, цаашдын хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийллээ.

 

Уг төсөл нь халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулах зорилготой бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймаг, хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган аймаг, нийслэл Улаанбаатар хотод тус тус хэрэгжих юм.






Related news