БАЯН-ӨЛГИЙ: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-08 20:30:39

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон 2003 оноос улсын хэмжээнд тэмдэглэж ирсэн.


Энэ жил уг өдрийг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл холбогдох байгууллагуудтай хамтран сарын аяны нээлтийг өнөөдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа.


Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Е.Зангар нээж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Галия “ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилт”, ГХБХБГ-ын Барилга хот, байгуулалтын хэлтсийн дарга Х.Асхар “Эрүүл, аюулгүй орчныг барилгын салбарт эрхэм болгоё”, Аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншилик “Болзошгүй аюул” сэдвүүдээр тус тус мэдээлэл хүргэж, аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүн Б.Ерген сарын аяны зорилго, зорилт, аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

 

Мөн ажил олгогчийн сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нур-Едил” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан А.Шаяхмет байгууллагынхаа сайн туршлагыг оролцогчдод танилцууллаа.

 

Аяны нээлтийн ажиллагаанд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагын 250 гаруй удирдлага, эрхлэгч, ХАБЭА-н ажилтан, инженер техникийн ажилтнууд оролцлоо.





Related news