БАЯН-ӨЛГИЙ: Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-08 17:36:14

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын баг хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална” гэж заасны дагуу Засгийн газрын 2025 оны 236 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 4 дүгээр тогтоолоор “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.

 

Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 200 өрхийг сонгож Зорилтот өрх, иргэний хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг цогц үйлчилгээнд хамруулах, хөдөлмөрийн чадвартай, ажил олоход хүндрэлтэй гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн бие даан амьдрах чадавхыг тасралтгүй сайжруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, шаардлагатай зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажлын багийг аймгийн Засаг даргын 2026 оны А/258 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын баг өнөөдөр анхны хурлаа хийлээ.

 

Хурлаар хөтөлбөрт хамрагдах зорилтот өрхийн жагсаалтыг батлах, өрхийн тоо, байршлыг харгалзан ажиллах зөвлөхийн тоог тогтоох, мөн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд санал авах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Цаашид ажлын баг нь Удирдах хорооны зөвлөмжийн дагуу хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалтыг хангаж, төлөвлөгөөний дагуу хариуцсан ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хариуцлагатай хэрэгжүүлэхээр санал солилцсон байна. 

Related news