Д.Мөнхтогтох: Хачгаар дамжих халдвар 1-9 насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-08 15:24:24

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хачигт халдвар, ялангуяа хачигт риккетсиозын голомт идэвхтэй байгаа бөгөөд хүний өвчлөл бүртгэгдэж байна.


Хачиг идэвхжлийн сар үргэлжилж байгаа бөгөөд Тосонцэнгэлд 2, Улиастай суманд 1 хачигт халдварын тохиолдол бүртгэгджээ. 2025 онд хачигт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн байна. 


Завхан аймаг Хангайн уулархаг бүсэд оршдог тул хачигт энцефалит, хачигт боррелиозын эрсдэл ихтэй. Ялангуяа ой модлог, чийглэг хөрстэй Баянтэс, Тэс, Их-Уул, Тосонцэнгэл сумын нутаг болон Хангайн нурууны орчмоор хачгийн идэвхжил их байдаг.


Хачигт хазуулснаас хойш 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, хазуулсан газар толбо үүсэх, тууралт гарах шинж тэмдэг илэрдэг.


Хачигт хазуулж, шинж тэмдэг илэрвэл Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар болон мэргэжлийн эмчид яаралтай хандахыг Д.Мөнхтогтох зөвлөлөө.


-Хачгаар дамждаг ямар халдварууд байдаг вэ?

-Манайд хачгаар дамждаг гурван халдвар бүртгэгддэг. Үүнд: малын хачигт хазуулбал хачигт риккетсиоз, ойн хачигт хазуулбал хачигт боррелиоз, хачигт хазуулбал мөн хачигт энцефалит тусдаг байна.


-Бусад төрлийн амьтдаас халдвар дамждаг уу?-

-Мал ба зэрлэг амьтны дунд хачгаар халдвар тархаж, байгальд голомт үүсгэдэг. Халдвартай мал, амьтны цус сорсон хачиг халдвар дамжуулдаг бөгөөд үхэр, ямааны түүхий сүү, цусыг уувал хүн өвчилдөг.


-Хачгаар дамжих халдваруудаар хэн өвчилдөг вэ?

-Бүх насныхан хачгаар дамжих халдвар авч болох ч 1-9 насны хүүхдийн дунд илүүтэй тохиолддог. Завхан аймагт сүүлийн гурван жилд бүртгэгдсэн өвчлөгсдийн 54.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол нийт өвчлөгсдийн 11 хувь нь малчид байна. Малын хачиг 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг тул жил бүрийн 4-5 дугаар сард өвчлөл хамгийн их байдаг.


-Хачгаар дамжих халдварын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

-Ихэвчлэн толгойн үсэнд хачиг шигдэж, шарх үүсгэнэ. Ойролцоох тунгалгийн булчирхай хөндүүрлэж, хачиг шигдсэнээс 3-7 хоногийн дараа халуурна. Арьсан дээр хэсэг газар эсвэл бүх биеэр гөвдрүүт тууралт гарч, шарх удаан эдгэнэ. Толгой өвдөж, нүд улайх шинж тэмдгүүд илэрдэг. Ийм шинж тэмдэг илэрвэл хачигт хазуулснаас хойш яаралтай эмч, мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


-Хачгаар дамжих халдвараас яаж сэргийлэх вэ?
-Хээр зорчихдоо ойд орох бол ханцуй, өмдний шуумагт хачиг үргээгч цацах. Хувцсанд хачиг орвол авч хаях. Биед шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах. Ямаа, үхрийн түүхий сүү, мах, цус, хэрэглэхгүй байх. Тод өнгийн хувцас өмсч, хачиг наалдсан бол авч хаях. Хаврын улиралд толгойн үсэнд хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгах. Хачигт хазуулсан бол эмнэлэгт яаралтай хандах. Хачигт энцефалитын байгалийн голомтот ойн бүсэд амьдардаг, тогтмол зорчдог, ажил эрхэлдэг бол вакцин тариулахыг зөвлөж байна.


-Танайхаас хачигт халдварын судалгаа хийдэг үү?

-Жил бүр хачигт халдварын судалгааг тогтмол бүсчилсэн байдлаар хийж байна. Энэ жилийн эхний судалгааг аймгийн урд бүсийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй суманд 4 дүгээр сарын 13-наас хийхээр төлөвлөж байна. Мөн хачигт халдварын тохиолдол бүртгэгдсэн хойд сумдын ойн бүсэд амьдардаг иргэдэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг тогтмол өгч байна. 
-Танд баярлалаа. 



Related news