БАЯН-ӨЛГИЙ: “Бүжгийн ертөнц-2026” тэмцээнд 1600 бүжигчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүжгийн ертөнц” тэмцээн энэ жил “Бүжгийн ертөнц-2026” нэртэйгээр хоёр өдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ удаагийн тэмцээнд цэцэрлэг болон сургуулийн насны 1600 гаруй хүүхэд оролцож, орчин үеийн бүжгийн үзүүлбэрээрээ өөрсдийн ур чадвараа харуулсан юм.
Энэ жилийн нэг онцлог нь ОХУ-аас урилгаар
шүүгч оролцож, оролцогчдын ур чадварыг мэргэжлийн түвшинд үнэлэн дүгнэсэн нь тэмцээний чанар, нэр хүндийг улам нэмэгдүүллээ.
Оролцогч хүүхдүүдийг насны ангилал, бүжгийн төрлөөр нь байр эзлүүлэн шагнал, урамшуулал олгож, зарим хамтлагийг олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээр шагнажээ.



