БАЯН-ӨЛГИЙ: Алба хаагчид амь аврах ариун үйлсэд нэгдэж 30 хүн цусаа бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-03 21:13:28

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаан загалмайн хороо аймгийн Цусны салбар төвтэй хамтран Хилийн цэргийн 0165 дугаар ангид цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгөөр тус ангийн алба хаагчдад цусны донорын тухай ойлголт, цусаа өгөхийн ач холбогдлын талаар сургалт хийж мэдээлэл өглөө.

 

Энэхүү үйл ажиллагаанд тус ангийн алба хаагчид идэвхтэй оролцож, бусдын амь насыг аврах ариун үйлсэд нэгдэн 30 алба хаагч цусаа бэлэглэжээ.

 

Аймгийн Улаан загалмайн хорооноос цусаа бэлэглэсэн хүмүүст талархал илэрхийлж, хүн бүрийн өгсөн нэгж цус олон хүний амьдралд итгэл, найдвар бэлэглэдгийг онцлов. Мөн амь бэлэглэх энэхүү үйлсэд хамтдаа хүчин зүтгэж, цаашид ч идэвхтэй оролцон нийгэмдээ эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг аймгийн иргэдэд уриаллаа.

 

Ташрамд дурдахад, Улаан загалмай нийгэмлэгийн санаачилгаар 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Монгол Улсын Донорын тухай хуулийн дагуу тус нийгэмлэг нь цусны донорын эгнээг өргөжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах үүрэгтэй байгууллага юм.



Related news