БАЯН-ӨЛГИЙ: Улсын бүртгэлийн хэлтэс “Тусламжийн хонх” ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-03 20:53:19

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүний эрхийг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх”-ыг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үүдэнд байрлуулан ажиллуулж эхэллээ.


Улсын бүртгэлийн хэлтэст үйлчилгээ авахаар ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл үүссэн тохиолдолд ганц товч дарахад шаардлагатай тусламжийг шуурхай авч, үйлчилгээг илүү хялбар авах боломж бүрдсэн талаар тус хэлтсийн алба хаагчид мэдээллээ.

 

“Тусламжийн хонх” дуугарсан тохиолдолд Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан гадагш гарч, иргэдэд шаардлагатай үйлчилгээг шуурхай үзүүлэх юм.


Сүүлийн үед хүнд өвчтэй, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улсын бүртгэлийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байсны улмаас иргэд, олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл үүсэж байв. Харин Улсын бүртгэлийн байгууллага ажлын арга барилаа өөрчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд дөхөмтэйгээр үйлчлэх болсон нь олон хүний хувьд сайшаалтай хэрэг болж байна.



Related news