БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн аюулгүй байдлын орчны эрсдэлийг үнэлж, дүн шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн ХГБХХГ-ын санаачилгаар “Хамтдаа шалгая, хамгаалъя” хүүхэд хамгааллын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд сум бүрийн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд орчны эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй орчны хүчин зүйлсийг үнэлгээний хүрээнд хамруулан судалж, дүн шинжилгээ хийж байна. Үүнд:
-Сургууль, цэцэрлэгийн дотор болон гадна орчны аюулгүй байдал;
- -Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, эвдрэл гэмтэл;
- -Эргэн тойрон дахь ил задгай нүх, шуудуу, барилгын үлдэгдэл;
- -Эрсдэлтэй цахилгаан шугам, ил гарсан утас, тоног төхөөрөмж;
- -Явган хүний гарц, зам талбайн аюулгүй байдал, тэмдэг тэмдэглэгээ;
- -Гудамж, талбайн гэрэлтүүлгийн хүрэлцээ, чанар;
- -Хог хаягдал, бохирдол бүхий орчин;
- -Хяналтгүй нохой, мал зэрэг амьтнаас үүсэх эрсдэл;
-Согтууруулах ундаа хэрэглэдэг, цугларалт үүсдэг эрсдэлтэй бүсүүдийг тогтоож, хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү үнэлгээний дүнд илэрсэн зөрчлүүдийг арилгах, урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс аймаг, сумдын удирдлагууд болон холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэн ажиллана гэж аймгийн ХГБХХГ-ын дарга Х.Бауыржан мэдэгдлээ.



