Н.Ерлан: Зөвлөлдөх санал асуулгын явц 96.0 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-04-02 17:08:52

Өлгий, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн зөвлөлдөх санал асуулгын явц Баян-Өлгий аймагт 96.0 хувьтай үргэлжилж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор тус санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

 

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг 4 дүгээр сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.

 

Баян-Өлгий аймгийн хэмжээнд тус зөвлөлдөх санал асуулга хэрхэн явагдаж байгаа талаар тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерланаас тодрууллаа. Тэрбээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгад Баян-Өлгий аймгийн төвийн 2, 9 дүгээр багийн 20 иргэн, Булган, Баяннуур, Толбо сумын 30 иргэн, нийт 50 иргэн сонгогдсон. Судалгаанд хамрагдаж буй иргэдийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвэл 18-24 насныхан 2 хувь, 25-34 насныхан 2 хувь, 35-49 насныхан 12 хувь, 50-64 насныхан 18 хувь, 65-аас дээш насныхан 6 хувь байна.

Одоогийн байдлаар судалгааны хамралт 96 хувьтай, хоёр иргэнийг өнөөдөр бүрэн хамруулахаар ажиллаж байна. Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь 2 дахь шатны санал асуулгад хамрагдана гэдэг саналаа өгөөд байна” хэмээв.

 

Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж баталсан бөгөөд 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцож байна.




Related news