ХОВД: Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймаг тогтвортой, стандарттай, соёлд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд байгалийн өвөрмөц тогтоц, олон угсаатны өв соёл, уламжлалд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр аймгийн удирдах ажилтнууд аялал жуулчлалын салбарын иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, төсөл хөтөлбөртэй нь танилцсан бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах боломжийн талаар санал солилцов.
Энэ үеэр байгальд ээлтэй амралтын цогцолбор байгуулах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл бүхий цогц төслүүдийг танилцуулсан юм.
Аймгийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чухалчилж, аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий байршилд газар олгох, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, Ховд аймагт ирэх аялагч, жуулчдын тоо, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад шинэ ажлын байр бий болоход давуу талтай юм.