ХОВД: Эхний шатны санал асуулга 60 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Монгол
хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулж
байна.
Санал
асуулгад Ховдынхон хэрхэн оролцох талаар тус аймгийн Статистикийн хэлтсийн
дарга Л.Ариунаагаас тодрууллаа.
Тэрбээр, санал
асуулгын нэгдүгээр шатны судалгаанд санамсаргүй түүврийн аргаар сонгосон дөрвөн
багийн 40 иргэн оролцоно. Өөрөөр хэлбэл, Жаргалант сумын Наран, Бичигт баг, мөн
Дарви сумын Мөнгөн аяга баг, Буянт сумын Норжинхайрхан багийн иргэд эхний санал
асуулгад оролцож саналаа өгч байна.
Судалгааны ажил одоогоор 60 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэргэшсэн гурван судлаач энэ чиглэлээр ажиллаж буй. “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дараагийн үе шатыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд эхний шатны санал асуулгад оролцсон иргэдийн 50 хувь буюу санамсаргүй түүврийн аргаар сонгосон 20 иргэн оролцох юм.
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор дээрх санал асуулгыг зохион байгуулж байна гэв.