ХОВД: Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 21.7 хувийг эмч нар эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Дэлхийн
эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Эмч нарын баярыг жил бүрийн гуравдугаар
сарын 30-нд тэмдэглэдэг уламжлалтай.
Аймаг, сумын удирдах ажилтнууд хүний амийг авран хамгаалж, эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа эмч, эмнэлгийн ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Ховд аймагт ажиллаж буй чадварлаг есөн эмч тус бүр 30 сая төгрөгийн батламж гардан авлаа.
Тодруулбал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Сүрьеэгийн эмч Б.Даваасүх, гэмтлийн эмч Д.Цэрэнбадам, зүрхний эмч Д.Гэрэлчимэг, эрчимт эмчилгээний эмч Б.Мөнхбаатар, нярай, хүүхэд, өсвөр үеийн эмч Ц.Доржханд, мэс заслын эмч Б.Батболд, хавдрын эмч Ц.Цагаан болон Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Наранзул, Булган сумын нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдээгүйжүүлгийн эмч Н.Отгонжав нар “80+” төсөл, үйл ажиллагааны хүрээнд Чадварлаг эмч, мэргэжилтнийг дэмжих, урамшуулах журмын дагуу 30 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Онцлоход, Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1652 хүн ажиллаж байна. Үүний 21.7 хувь нь эмч юм. Тус аймаг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмч нарын ажлыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүн амын дундаж насыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, “Чадварлаг эмч, мэргэжилтэн”, “80+” зэрэг дэд хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна.
