ХОВД: Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-30 11:35:57

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Тухайн сарын агаарын температур олон жилийн дунджаар уулархаг нутгаар -2 градус хүйтнээс +4 градус дулаан, бусад нутгаар +4+10 градус дулаан байдаг. Харин сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 2-6 мм ордог.


Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур, хур тунадас Ховд нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тухайн сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градус дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 градус хүйтэн байх төлөвтэй. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үед ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй байна.

Ирэх сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр тул аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, болзошгүй ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Мөн иргэд, тээвэрчдийг хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөв. 

Related news