ХОВД: Амралтын өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон хэвшүүлэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд
аймаг 92 мянга гаруй хүн ам, 25 мянга орчим өрхтэй бөгөөд хүн амын 40 орчим хувийг
хүүхэд эзэлж байна.
Тус аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийн хүрээлэл, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг багасгах, гэр бүлийн гишүүд бие биедээ цаг зарцуулах, анхаарал халамжийг нэмэгдүүлэх үүднээс Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргаж, амралтын өдрийг “Гэр бүлийн өдөр” болгон хэвшүүлэх захирамж гаргажээ.
Судалгаагаар
эцэг, эхчүүдийн дийлэнх нь хүүхдийнхээ хоол хүнс, боловсрол зэрэг суурь хэрэгцээг
хангаж байгаа боловч сэтгэл зүйн халамж дутмаг байх, ажил, амьжиргааны нөхцөлөөс шалтгаалан хүүхэдтэйгээ чөлөөт
цагийг хангалттай өнгөрүүлэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймээс хүүхдэд тавих
хараа хяналтыг сайжруулах, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, мөн эцэг эхчүүд хүүхдэдээ илүү их цаг гаргаж, зөөлөн хүмүүжил, төлөвшил олгох, сэтгэл зүйн дэмжлэгийг
нэмэгдүүлэх шаардлагатай. Хүүхдэдээ анхаарал хандуулж, долоо хоногийн амралтын өдрүүдийг
"Гэр бүлийн өдөр" болгон хэвшүүлэхийг албаныхан уриаллаа.