БАЯН-ӨЛГИЙ: Хөгжимт драмын театр энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театр нь 2016 онд 60 жилийн ойгоо тэмдэглэж, жүжгийн зохиолч, төр-нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы нэрэмжит болсон байна.
Анх 1956 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 70 гаруй жилийн турш дэлхийн болон Монгол, Казахын сонгодог, орчин үеийн олон уран бүтээлийг тайзнаа амилуулж, орон нутгийн онцлог соёлыг эх орондоо төдийгүй хилийн чанадад сурталчлан, үзэгчдийг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Тус театр 1976 онд Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж байжээ.
2022 онд аймгийн Хөгжимт драмын театр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынайн “Бүргэд” драмын жүжгийг монгол хэлээр тайзнаа амилуулж, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад тоглосон байна. Жүжгийн продюссероор Ж.Сайгүлик, найруулагчаар М.Ертай, зөвлөхөөр МУУГЗ Р.Өсерхан нар ажиллаж, Х.Жанатбек, Х.Жапар, Х.Сулушаш, Х.Нурлан, А.Ханат нар дүрүүдийг бүтээжээ. Харин 2023 онд АУЗ Т.Султаны “Тоорил хан” жүжгийг тайзнаа амилуулжээ.
2023 оны 8 дугаар сард зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрын хамт олон амжилттай оролцож, 2-р байрт шалгарчээ.
Энэ жил Наурызын баяраар тус театрын хамт олон Орхон аймгийн Эрдэнэт хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглолтоо толилуулжээ.
Томоохон уран бүтээл туурвиж, ард олноо соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн тус театрын хамт олон 70 жилийн түүхэн ойгоо тэмдэглэхээр энэ жил уран бүтээлүүдээ бэлдэж, түүхэн номоо эмхэтгэн, өнгөрсөн онд эхлүүлсэн театрын их засварын ажлыг дуусгахаар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн "Алтан гадас" одонт Хөгжимт драмын театр 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засвар хийж, 70 жилийн ойгоо хөгжлийн шинэ шатанд гарсан уран бүтээлээр тэмдэглэхээр төлөвлөж байна.






