ХОВД: Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор 31 мянга гаруй хүн ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-27 00:48:11

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Газар хөдлөлт, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулилалт өнөөдөр Ховд аймагт боллоо.

Энэ үeэр 17 суманд зарлан мэдээлэх 33 дуут дохиог ажиллуулж, аюулгүй 44 цэгт иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Дадлага сургуулилалтад мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч, иргэд, хүүхэд багачууд гээд 31637 иргэн, 386 техник хэрэгсэлтэй оролцлоо.

Энэ үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангах, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, хүүхэд багачуудыг сургаж дадлагажуулахад чухал ач холбогдолтой юм.


Мөн газар хөдлөлт, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах анхан шатны сургалт, дадлага нь цаашид аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах чадавхид суралцахад давуу талтай.

Ташрамд, 2026 оны эхний хоёр сарын байдлаар монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 11 удаа болжээ. 

Харин Ховд аймгийн нутаг дэвсгэрийн тухайд 2025 онд 948 удаагийн газар хөдлөлт болсноос магнитуд нь 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт хоёр удаа, Ховд аймгийн иргэд мэдсэн хөдлөлт хоёр удаа тус тус болсон нь газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл өндөр байгааг илтгэж байна. 

Related news