ХОВД: Гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-26 18:41:46

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо.


Энэ үеэр Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллагын ажилтан, алба хаагчид гамшгийн үед иргэн бүрд байх ёстой 15 нэр төрлийн зүйлс багтсан цүнх (аранз)-тэй жагсаж, бэлтгэл бэлэн байдлаа шалгуулав.

Ингэснээр газар хөдлөлт, гамшиг, осол болсон тохиолдолд мэргэжлийн байгууллагууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж шуурхай ажиллах талаар дадлага туршлагаа нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд бэлтгэл бэлэн байдлаа сайжруулах боломж бүрдэж байна. 

Мөн иргэд, хүүхэд багачууд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллаж, туршлага хуримтлууллаа. 


Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг ийнхүү улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.


Ташрамд, Ховд аймаг энэ онд гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг зарцуулна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл өнгөрсөн онд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц ажлыг хэрэгжүүлэхэд 140 сая төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ онд мөн гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд 140 сая төгрөг зарцуулахаар тусгаж, иргэдийг соён гэгээрүүлэх, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх дөрвөн бүлэг, 18 заалт бүхий ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 


Related news