БАЯН-ӨЛГИЙ: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-03-26 18:36:41

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.


Зөвлөлдөх уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож “Хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдвээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнгийн талаар танилцуулж, орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо.


Үйлдвэр эрхлэгчид татварын хувь, хэмжээг бууруулах, кластераар хөгжүүлэх, дэмжиж буй салбарын төрөл олшруулах, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа илэрхийллээ. Мөн цахилгааны үнийг нэмснээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого буурч байгааг онцолж, хөнгөлөлттэй зээл зөвхөн аж ахуйн нэгж, хоршоологчдод олгогдож, бичил бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй байгааг хэллээ. 

Түүнчлэн хөнгөлөлттэй зээлүүд хүртээмжгүй, 50 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр, хоршоо олддоггүй зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.


Баян-Өлгий аймагт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2025 онд нийт 11.9 тэрбум төгрөг, зөвхөн 2025 онд хүнсний салбарт үйлдвэрийг дэмжих чиглэлээр 7.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.

 

Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр байгуулж, гадаад зах зээлд чиглэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон байна. 


Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт мал нядалгааны 7 үйлдвэр, махан бүтээгдэхүүний 19 цех, сүү боловсруулах 3 үйлдвэр, 6 зайрмагийн цех, талх, нарийн боовны 45 цех, кремтэй бүтээгдэхүүний 18 цех, цэвэр усны 2 үйлдвэр нийт 100 гаруй хүнсний үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна.






Related news