Чухал ашигт малтмалын чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2026-03-25 17:29:07

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. БНСУ чухал ашигт малтмалын чиглэлээр манай улстай үргэлжлүүлэн хамтран ажиллана.


Монгол Улсад БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан Ховор металлын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагаанд үндэслэн энэ зорилгоо биелүүлэхийг БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны худалдааны хэлэлцээ хариуцсан дэд сайд хатагтай Квон Хе Жин тэргүүтэй төлөөлөгчид АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзах үеэрээ илэрхийлжээ.


Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: “БНСУ-аас газрын тосны чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Одоогоор хийн салбарын стандарт нормыг сайжруулах төсөл Ашигт малтмал, газрын тосны газартай хамтран хэрэгжүүлж байна. Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулан амжилттай ажиллаж байгаа. Төвийн чадавхыг бэхжүүлэхийн тулд боловсон хүчнээ сургах, стандарт хангуулах, тогтвортой ажиллахыг хоёр тал анхаарч, дэмжих нь зүйтэй”-г онцлов.



АҮЭБЯ Чухал ашигт малтмалын жагсаалт, ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн бэлэн болгосон тул удахгүй батлуулахаа мэдээлсэн юм. Үүнд “Хайгуул, олборлолт, боловсруулалт зэрэг манай салбарыг хөгжүүлэх хөшүүрэг болох олон чухал зохицуулалт орсон учир хуулийг баталж, хэрэгжүүлэхэд гуравдагч хөрш оронтой хамтран ажиллах боломж үүснэ” гэж итгэж буйгаа тодотгожээ. 

Related news