ХОВД: Аялал жуулчлалын салбарынхан санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалт Ховд аймагт болов.
Тус уулзалт энэ сарын 24-нд болсон ба жуулчны бааз, зочид буудал, тур оператор, зоогийн газар зэрэг 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Уулзалтын
үеэр хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн боломжууд болон татвар, хууль журам, салбарын
стандартын талаар мэдээлэл солилцов. Мөн
салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр санал асуулга авч, цаашдын бодлого,
сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр тусгалаа.
Цаашид
хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Ховд аймгийн Соёл урлаг, аялал
жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Ховд аймаг өнгөрсөн онд 54 мянга гаруй гадаад, дотоодын аялагч, жуулчин хүлээн авчээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр бааз, амралтын газрууд үйлчилгээгээ сайжруулах чиглэлд
онцгой анхаарч байна. Мөн
аялал жуулчлалын салбар байгууллагуудын хүний нөөцийг чадваржуулах асуудлыг
чухалчилж байгаа юм.
Энэ
удаагийн уулзалтад оролцогчид угтах үйлчилгээ, хөтөч, удирдлагын менежмент, маркетинг,
хоол үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулах сургалт хийх, зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх,
аялал жуулчлалын үйл ажиллагааг төрийн байгууллага болон хувийн хэвшлийнхэн
хамтран зохион байгуулж хэвших, жуулчин тээвэрлэх
тусгай зориулалт бүхий автобусны үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг санал хэлэв. 