ХОВД: “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэл өргөжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-25 13:03:40

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Ховд аймгийн хэмжээнд 368 иргэн, аж ахуйн нэгж 26.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлжээ.

Үүнээс онцлоход, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадал, ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний үр дүнд 2023-2025 онд Ховд аймагт зургаан үйлдвэр шинээр байгууллаа.

Тодруулбал, Манхан суманд дэвшилтэт технологи бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн мал төхөөрөх, мах бэлтгэн нийлүүлдэг таван үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсний хоёр нь тусгай зөвшөөрөл, стандартын дагуу гадаад улс руу мах экспортолж байна.

Үүнээс гадна газар тариалан эрхлэгчид зээлийн үйлчилгээнд хамрагдсанаар тариалалтын талбайн хэмжээ 240 га талбайгаар нэмэгджээ. Ингэснээр Ховдынхон өдгөө 3216 га талбайд тариалалт хийж, өмнөх жилүүдээс 76 тонноор ахиу ургац хураан авч байгаа тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас танилцуулав.   

Мөн малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Ташрамд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт боллоо. Энэ үеэр “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр “Хан Алтайн Инээмсэглэл” нөхөрлөлийн захирал Т.Отгонхишигийг сонгож, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар болжээ.    

Related news