БАЯН-ӨЛГИЙ: Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр-2026" зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нүүдэлчдийн өв соёлыг хадгалж, түгээн дэлгэрүүлэх, залуу үед уламжлуулан өвлүүлэх зорилгоор “Памук ресорт” амралтын цогцолбор газраас “Нүүдэлчдийн уламжлалт хаврын баяр-2026” соёлын үйл ажиллагааг 3 дугаар сарын 21-нд тав дахь удаагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам,
аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Засаг дарга Е.Зангар тэргүүтэй төр, засгийн удирдлагууд хүндэт зочноор оролцлоо.
Аймгийн
Засаг дарга Е.Зангар “Хаврын баяр-2026”-ыг нээж зохион байгуулагчдад болон оролцогчдод талархал илэрхийлэхийн зэрэгцээ
нүүдэлчдийн ахуй, соёлыг олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд
энэхүү үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж буйг онцлон сайшаалаа. Мөн цаашид
ийм төрлийн соёлын үйл ажиллагааг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран
ажиллахаа илэрхийлэв.
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хаврын баярт оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, “Наурызын уламжлал нь хүмүүсийг ойртуулж, хүндэтгэл, эв нэгдэл, өгөөмөр сэтгэлийг эрхэмлэдэгт оршдог. Энэ өдөр хүн бүр сэтгэлээ ариусган, шинэ бүхнийг угтан, сайн сайхныг бэлгэддэг нь уг баярын мөн чанар, утга агуулга билээ. “Хаврын баяр–2026” нь зөвхөн баяр наадам бус, харин өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой. Монгол Улсын төр засаг казах иргэдийн үнэт өв, соёл уламжлалыг ямагт дээдлэн хүндэтгэж ирсэн төдийгүй цаашид ч энэ эрхэм хандлагаа улам бататган хадгалах болно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс Наурызын баярын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бодлого, үйл ажиллагааны түвшинд тууштай дэмжлэг үзүүлж, энэхүү хаврын уламжлалт баярыг уламжлал, орчин үеийн хөгжлийг хослуулсан, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан, Монгол Улсын соёлын онцлогийг дэлхийд таниулсан брэнд үйл ажиллагаа болгохыг зорин ажиллаж байна” хэмээв.
Нүүдэлчдийн уламжлалт “Хаврын баяр 2026”-ын хүрээнд нүүдэлчдийн өв соёл, ёс заншлыг харуулсан олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгууллаа. Тухайлбал, хүүхэн хөөх (кыз куар), зоос шүүрэх(тенге илу), шагайн болон сур харваа, бүргэдчдийн тэмцээн, казахын уламжлалт шагайн наадгай, уран хатгамлын тэмцээн зэрэг боллоо.
Соёлын энэхүү үйл ажиллагаа нь жилээс жилд хүрээгээ тэлж, уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх томоохон үйл ажиллагаа болон өргөжиж байна.




