БАЯН-ӨЛГИЙ: Нар наашилсны баяр – Наурыз
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Эртний грек, перс, түрэг зэрэг одон орон судлаач зурхайч нар үндсийг нь тавьсан шинэ жилийн энэ баярыг казахууд дээр үеэс тэмдэглэдэг байсан ч түүхийн ээдрээ нугачаан дунд тодорхой хугацаанд завсарлаад дахин сэргээсэн бөгөөд сүүлийн 36 жил өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.
Энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг ёс жаягийн талаар өмнө нь
ном товхимол, сонин сэтгүүл хэвлэл мэдээллээр олонтоо өгүүлсэн болохоор энэ
удаад эсгий туургатны удам угсаа болох монгол, казах хоёр ард түмнийхээ зан
үйлийн зарим нэг адил төстэй талуудыг харьцуулан дурдахыг хичээв.
Казахууд өдөр шөнө тэнцэх нар наашлах
тийшээ хэвийсэн 3 дугаар сарын 22-ны ургах нарыг хамтдаа угтан сайн сайхныг
бэлгэдэж, бие-биетэйгээ тэврэлдэн золгоно. Эхлээд хамгийн ахмад хүмүүстэй мэндлэлцэнэ. Хадаг барих ёсыг одоо үеийнхэн эс мэддэг ч “актык” буюу цагаалга
нэртэй цагаан өнгийн даавууг хэрэглэдэг байсан. Энэ нь ариун цагаан сэтгэлийн
бэлгэдэл юм.
Айл болгон будаа, мах, ногоо, тос, аарц, давс зэрэг 7-9
төрлийн амттанаар том тогоонд “Наурыз көже” нэртэй шөл хийж хотол олноо ээлж
дараалан зооглуулна.
Энэ өдөр ертөнцийн их эзний азын элч Кыдыр гэгээнтэн хэн
нэгэн хүний дүрээр дэлхийг хэрэн хэсэж явдаг гэсэн ардын домог байдаг. Тэр
дургүй айлдаа аз жаргал хайрлахгүй гэдэг. Иймд гэрт нь баян ч бай, бадарчин ч
бай хэн ч ороод ирсэн дайлдаг учиртай. Өөр хүний дүрээр гэрт нь зочилсон Кыдыр
өвөөг гомдоовол аз харина хэмээн өвгөд дээдэс маань ч сургаалаа хайрласаар ирсэн буюу.
"Нэгэн цагт төв Азиар аялж явсан барууны алдарт аялагч эрхэм казах үндэстнийг экваторын бүслүүрийн дагуу суулгасан байхад энэ хорвоог үнэгүй тойрч болох юм байна" гэж дуу алдахад хүргэж байсан зочломтгой казах түмэн идшээ бэлдэхдээ хаврын тарчиг цагт хүртэл зочны хувь хэмээн хадгалсан идээ шүүсээ тусад нь хадгалдаг сайхан заншилтай.
Казахууд одоо хүртэл ямарваа нэгэн айлд орж хоол зооглохын өмнө ба хойно заавал “Хоол чинь арвин, бүл чинь өнөр болог” гэх мэтээр ерөөл хайрладаг. Ийм ёс эртний монгол заншилд ч өргөн дэлгэр байснаа одоо зөвхөн сархдын хундага барихад л ерөөл хэлдэг болж хумигдаж байгаа нь харамсалтай санагддаг.
Үндэсний энэ баярын чухал нэгэн зан үйл гэвэл өмнө нь эвдрэлцэж эв түнжин тасарсан хүмүүс энэ өдрөөс эхлэн эвлэрч, бие-биенээ өршөөн, өс хонзонгоо орхих журамтайгаараа Цагаан сарын зан үйлтэй нэн адил юм.
Энэ жилийн Наурыз баяраар Баян-Өлгий аймагт Монгол Улсын
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирж оролцох зар түгсэн нь баяр дээр
баяр нэмсэн үйл явдал болж, төрийн тэргүүнийхээ хайр хишиг, айлдвар сургаал,
ерөөлийг хүртэнэ хэмээн зон олон ихээхэн баяртай байна. Үндэсний эв нэгдлийн
баталгаа болсон төрийн тэргүүн маань аймгийн амьдрал ахуйтай танилцаж, ажилд нь
дүгнэлт өгөхийн зэрэгцээ өөрийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийнхээ хүрээнд
ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, баруун нутгийн өнгө төрхийг өөрчлөхөд тодорхой алхмууд хийхийг тус нутгийнхан хүсэн хүлээж байна.
Шинэ бүхний эхлэл – Наурыз баяр улс эх оронд маань шинэ
хөгжлийн салхийг сэвэлзүүлж, Монгол Улс цэцэглэн мандтугай!



