БАЯН-ӨЛГИЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-03-21 22:47:57

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аймгийн Хөгжимт драмын театрт болсон Наурызын баярын хуралд оролцож, хүндэтгэлийн тоглолт үзэн, төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Авто тээврийн салбарын ахмад жолооч Сүйенишийн Хазыбайд Гавьяат тээвэрчин, Монгол Улсын Консерваторын хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор профессор Мусаханы Озилад Гавьяат багш, Хилийн 0165 дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер Ноокоогийн Жуковт Гавьяат тамирчин, “Сансар” эмнэлгийн ахмад эмч Касений Ризад Хүний гавьяат эмч, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих Хараацай төлөвшил холбоо”-ны тэргүүн Хабаны Доманд Гавьяат багш, "Булбул" ХХК-ийн захирал Тотилагийн Елемест Гавьяат барилгачин, Прокурорын газрын ахмад ажилтан Хавдалын Мерейханд Гавьяат хуульч, "Фатиха" эмнэлгийн Хүний нөөц, чанарын албаны дарга Улихпаны Хуанганд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тус тус хүртээж, нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа.


Ерөнхийлөгч Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн цол, одон, медалиар шагнуулсан хүмүүст баяр хүргэж, төрийн бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа.


Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засаг, нийгэм, бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, амьдралын чанарыг сайжруулах нь монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэв.  Баян-Өлгий аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс, орон нутгийн бодлого, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг тэмдэглэн, цаашид ололт, амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Мөн тус аймгийн иргэд “Хүнсний хувьсгал”, ”Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг анхнаас нь тууштай дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэн, ажлын байр бий болгож, татвараа төлөн улс, орон нутгийнхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.















Related news