ХОВД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд, төрийн албан хаагчидтай уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ховд аймагт
ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд орон нутгийн
удирдах ажилтнууд болон иргэдийн төлөөлөл угтан авлаа. Мөн аймгийн төв талбайд
Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж, хүндэтгэл илэрхийлэв. 
Ерөнхийлөгч болон холбогдох албаны төлөөллүүд орон нутгийн
иргэд болон төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, улс орны нийгэм,
эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар
товч мэдээлэл танилцуулж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм.
Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Тухайлбал баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил 20 гаруй хувьтай байна.
Ховд аймагт баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулах “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 170 га газарт хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ховдынхон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэнд талархаж байлаа.
Ховд аймгийн иргэн А.Ахмед, “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнгөрсөн хоёр жилд 120 сая төгрөгийн зээл авч газар тариалан эрхэлж байна. Хэн хүнгүй л энэ хөдөлгөөнийг дэмжиж, хамрагдах гэсэн бодолтой байгаа. Гол нь банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагааны чиглэл таарахгүй гээд хүндрэл гарч байна. Баруун бүсэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байна. Аймаг орон нутаг төсөв мөнгийг нь шийдээд техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энэ хүрээлэнг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ховд аймгийн иргэн Б.Сүхнаран, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн үр дүнгээ өгч байгаа. Өвчилсөн хойноо эмчлүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ёстой гэсэн бодолтой хүн олон болсон. Архины хатуулгийг жил бүр бууруулах, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх гээд олон бодлого, санаачилга монгол хүнийг эрүүл, идэвхтэй, урт наслахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Ташрамд, Ховд аймаг 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах олон ажил хэрэгжүүлэхийг зорьж байна.
Мөн
орон нутгийн төсвөөр
баталсан хөрөнгө
оруулалтын ажлуудыг хугацаанд нь хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний
чанар, хүртээмжийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ил тод нээлттэй байх зарчмыг
баримтлахыг чухалчилж буй.