ХОВД: Казах угсаатны өв соёлыг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2026-03-20 17:38:34

Жаргалант, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Казах угсаатны түүх, соёл уламжлал, зан заншлын илэрхийлэл болсон "Наурыз"-ын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай.

Тус баярыг угтан өнөөдөр Ховд аймгийн төв талбайд “Ховд Наурыз - 2026” баярын ёслолын жагсаал зохион байгууллаа.

Энэ үеэр казах угсаатны соёлын өв, зан заншлыг илэрхийлэх уламжлалт тоглоом наадгай, нүүдэл, бүргэд, идээ ундаа зэрэг 10 орчим үзүүлбэрийг иргэдэд сонирхуулав.

Мөн наурызын баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. Тус үйл ажиллагаанд аймаг, сумын удирдах ажилтнууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд салбар бүрд манлайлан ажиллаж буй нэр бүхий иргэдэд шагнал гардууллаа. Мөн наурызын баярт зориулсан ёслолын жагсаал, гар урлал, бүжгийн тэмцээнд амжилттай оролцсон иргэдийг шагнаж, хөдөлмөр бүтээлийн манлайлал болсон 9 алдартныг тодрууллаа.

Монгол Улсын хүн амын дөрвөн хувийг казах угсаатан эзэлдэг. Харин Ховд аймгийн 92 мянга гаруй иргэдийн 10 гаруй хувь нь казах иргэд юм. Тус аймгийн Жаргалант, Ховд, Буянт, Мянгад, Булган, Үенч, Эрдэнэбүрэн суманд казах иргэд амьдарч байна.  







Related news