БАЯН-ӨЛГИЙ: “Ораза айт” баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2026-03-20 17:08:16

Өлгий, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн ислам шашинтнуудын ариун сар Рамазан” сар өндөрлөж өнөөдөр “Ораза айт” баяр эхэллээ.


Исламын шашинтай хүмүүс Рамазан сар буюу Ораза мацгаа дуусгаад “Ораза айт” баярыг гурав хоног тэмдэглэдэг. “Айт” гэдэг нь баяр баясгалангаар дүүрэн өдрүүд гэсэн утгатай. 


Энэ үеэр мацаг барихыг хориглоно. Баярын өдрүүд “Айт намаз” буюу тусгай мөргөлөөр эхэлдэг. Дараа нь хүмүүс цэвэр хувцсаа өмсөж, гэртээ идээ будаагаар дүүрэн баярын ширээ буюу дастархан дэлгэж зочин урьж, бие биедээ баяр хүргэн бэлэг өгч, амьжиргааны түвшин доогуур хүмүүс, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдэг уламжлалтай.


Мөн сүсэгтнүүд өглөө эртлэн нийтээрээ мөргөл үйлдэж, бие биедээ амар амгалан айлтган, гэр бүл, төрөл төрөгсдөөрөө золгож, буян үйлддэг.


Рамазан айт баяр нь Рамазан сарын мацаг дууссаны дараа, исламын тооллоор хижраа тооллын шаввал сарын эхний өдөр эхэлнэ. Энэхүү баяр нь бурхны элч гэгээн Мухаммедын сургаалыг дагаж, бие махбод болон сэтгэл санаагаа ариусгасны баяр.


Эрэгтэйчүүд өглөөний мөргөлд оролцож, хүмүүс шинэ хувцас өмсөж, бие биедээ баяр хүргэж мэндчилдэг. Айт баярын өмнө ядууст өгөх өглөг”-ийг исламын сүм-мешитүүдэд өгч, тусламж хэрэгтэй хүмүүст хүнс болон мөнгөн тусламж үзүүлдэг. Гэр бүл, найз нөхдөөрөө зочилж, айлд зочлон зоог барин, амттан өгөлцдөг.


Энэхүү баяр нь мусульманчуудын хувьд тэвчээр, буянтай үйлс, эв нэгдэл, баяр баясгалангийн илэрхийлэл болсон томоохон баяр юм.

Related news